Монголын газарзүйн нийгэмлэг байгуулагдав.
Монголын газарзүйн нийгэмлэгийг зохион байгуулах хурал 1990 оны 3-р сард болж, нийгэмлэг байгуулах асуудлыг хэлэлцэн дүрмийг баталж, нийгэмлэгийн ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, тэргүүлэгчдийг сонгож тэргүүлэгчдийн зөвлөлийг 51 хүний бүрэлдэхүүнтэй сонгов (Ж.Цэрэнсодном, “Монголын газарзүйн нийгэмлэг” сэтгүүл, 1990 он).

Зураг 1. Монголын газарзүйн нийгэмлэг байгуулагдав.
Монголын газарзүйн судалгааг өргөтгөх, хүн-байгалийн зохистой харьцааг судлах, газарзүйн сургалтыг улам боловсронгуй болгох, хөдөлмөрчдөд ялангуяа хүүхэд, залуучуудад газарзүй-экологийн мэдлэг олгож эх оронч хүмүүжил төлөвшүүлэхэд газарзүйн мэргэжилтэн нарын хүчийг төвлөрүүлэхэд нийгэмлэг их үүрэг гүйцэтгэх ёстойг хуралд оролцогчид тэмдэглэв.
Судалгаа, шинжилгээ, сургалт, сурталчилгааны ажлыг өргөн далайцтай болгох үүднээс газарзүйн нийгэмлэгийн дэргэд ландшафт судлалын, нийгэм-эдийн засгийн газарзүйн, аялал жуулчлалын, мэдээлэл сурталчилгааны, сургалт-аргазүйн, гадаад харилцаа улс орон судлалын зэрэг секцүүдийг бий болгож секцүүдийн дарга нараар манай орны газарзүйн шинжлэх ухааны эрдэмтдийг сонгож батлав (Ж.Цэрэнсодном, “Монголын газарзүйн нийгэмлэг” сэтгүүл, 1990 он).
Монголын газарзүйн нийгэмлэгийн анх байгуулагдсан үеийн зорилго:
Монголын газарзүйн нийгэмлэг нь газарзүйн шинжлэх ухааны ололт үр дүнг өргөн сурталчлах, нийт хөдөлмөрчдийн эх орны тухай мэдлэгийг системтэй дээшлүүлэх, шинжлэх ухаан, үйлдвэрлэл, сургалт, сурталчилгааг үр дүнтэй явуулах үндсэн зорилготой. Ард иргэдэд эх орны тухай системтэй мэдлэг олгодог газарзүйн шинжлэх ухааны сургалт ардын хувьсгалтай нас чацуу юм.
Хэн газарзүйн ухааны өргөн хүрээтэй мэдлэгийг эзэмшинэ, тэр эх орныхоо алдарт уул, ус, говь, хангай, үзэсгэлэнт газар, амьтан, ургамалшил давтагдашгүй баян тансаг гэдгийг ухааран ойлгож юм мэдэрч хайрлах ухаан төрнө.
Түүхэн үед хүн төрөлхтөн амьдрал ахуйгаа зохицуулах замаар байгальтай олон мянган жил харьцаж ирсэн нь байгалийг танин мэдэх газарзүйн ухааны сэтгэлгээ болжээ. Монгол орны тухайд эх орны дэвсгэр нутагт Монголчууд 4500 гаруй жилийн тэртээгээс ан ав хийх, мал аж ахуй эрхлэх замаар байгальтай харьцаж ирсэн түүхтэй. Иймд монгол хүн бүрийг байгаль судлаачид ч гэж хэлж болох юм.
Хүний амьдрах орчныг ихээхэн бохирдуулж байгаа өнөөгийн нөхцөлд байгалийн унаган төрх, тэнцвэрийг хэвээр хадгалах, байгалийн баялгийг зохистой ашиглах, хүн байгалийн тэнцвэрт харьцааг тогтоон хадгалахад газарзүйн шинжлэх ухааны олон талт судалгаа шийдвэрлэх үүрэгтэй болсон юм.

Дунд сургуулийн сургалтын тогтолцоогоор олж авсан газарзүйн мэдлэгийг хөгжүүлэх, сургуулийн тогтолцооноос гадуур газарзүйн мэдлэгтэй болох нь хувь хүний ертөнцийг үзэх үзэл, танин мэдэхүйн сэтгэлгээг хөгжүүлэх улмаар, эх орноо байгалийн шинжлэх ухааны үүднээс таньж мэдэх нөхцөл бүрдэх юм. XX зууны бас нэг онцлог нь хүн ардын танин мэдэхүйн экологийн шинэ сэтгэлгээ юм. Энэхүү сэтгэлгээг хөгжүүлж байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах, хүрээлэн байгаа орчны бохирдол, гэмтлээс урьдчилан сэргийлэхэд хүн бүр хүчин зүтгэх, ухаарч мэдрэхэд газарзүйн шинжлэх ухааны мэдлэг шийдвэрлэх үүрэгтэй юм.
Физик газарзүй, эдийн засгийн газарзүй гэсэн хоёр үндсэн салбар дээр байгаль орчныг хамгаалах газарзүйн чиглэл 1970-аад оноос гарч одоо газарзүйн шинжлэх ухаан физик газарзүй, эдийн засгийн газарзүй, байгаль ашиглалт, хамгаалалтын газарзүй гэсэн үндсэн салбар ухаантай болоод байна.
Монгол орны газарзүйн судалгааны ойрын ирээдүйн шинэлэг чиглэлүүд дараах байдалтай байж болох юм. Ландшафт судлал, инженер-газарзүй, байгаль ашиглалт болон хамгааллын газарзүйн чиглэл, бүс нутгийн эдийн засгийн газарзүйн, бичиглэл, газарзүйн иж бүрэн суурин судалгаа, үнэлгээ-загварчлал, байгалийн аялал жуулчлал, агаар-сансрын зураглал, мэдээлэл боловсруулалт, тооцоолон бодох техник ашиглалт, автомат удирдлагын систем нэвтрүүлэх зэрэг онол, аргазүй, сорилт туршилтын шинэ шатанд газарзүйн судалгааг гаргах явдал юм. Тухайлбал, урьд өмнө явуулсан физик-газарзүйн судалгааг нэгтгэн дүгнэж байгаль-газарзүйн орон зайн хам бүрдэл болох ландшафтын хүрээнд явуулж орчин үеийн тооны болон чанарын шинэлэг аргуудыг өргөн хэрэглэх явдал юм.
Энэ нь агаар мандлын орчил хөдөлгөөн их байдаг манай орны байгаль цаг уурын нөхцөлд байгалийн онгон төрх байдлыг хадгалсан ландшафтын хэмжээнд бодисын байгалийн эргэлт, өөрчлөлтийг тогтоох, дулааны балансыг гаргах замаар тухайн газар нутгийн ландшафтын тодорхой хэв шинжийн байгалийн горимыг тогтоож байгалийн горимын цаашдын төлөвийг тодорхойлон хамгаалах, ашиглах зөвлөмжийг улс ардын аж ахуйн салбарт харгалзах нь зүйтэй юм. Газарзүйн төрөл бүрийн мужлалыг үйлдэх шинжлэх ухааны онол аргазүйн зарчмыг боловсруулж хэрэгжүүлэх шаардлага зүй ёсоор гарч байна. Газарзүйн аливаа юмс (газрын гадарга, хөрс, ургамал, ус, уур амьсгал гэх мэт) орон зайн тархалттай байдаг онцлогийг харгалзан тектоник, газрын гадаргын тогтоц, бүтэц, ландшафтын үндсэн хэв шинжийг үндэс болгон газарзүйн аливаа мужлалын үндсэн ангиллыг тогтоож байгалийн хими, физикийн параметрийг тооцоолон бодох текникийн туслалцаатайгаар ялган тогтоож газарзүйн их муж, муж, раойн, дэд мужийн орон зайн хил хязгаарыг ялган тогтоох улс ардын аж ахуйн салбарыг зохистой хөгжүүлэх чухал ач холбогдолтой юм. Улс ардын аж ахуйн салбар эрчимтэй хөгжиж газар нутгийг аж ахуйн янз бүрийн зориулалтаар ашиглах болсон өнөөгийн нөхцөлд инженер газарзүйн чиглэлийг хөгжүүлэх шаардлагатай юм. Газарзүйн судалгааны бүх салбарт байгалийн нөөц баялгийг үнэтэйгээр (төлбөрт түрээстэйгээр) ашиглах норм, норматив стандарт, дүрэм, журмыг боловсруулж улс ардын аж ахуйн салбарт нэвтрүүлэх явдал урьд урьдаас чухал болж байна.
Энэ нь газарзүйн судалгааны шинэлэг чиглэл болох бөгөөд газар нутгийг шинээр эзэмших, байгалийн баялгийг ашиглахад экологийн шаардлагыг бүрэн хангах шинжлэх ухааны үндэслэл болох юм.
Байгалийн гоо сайхныг гол зорилт болгон аялал жуулчлалын өвөрмөц хэлбэрийг Монгол оронд улс ардын аж ахуйн томоохон салбар болгон хөгжүүлэх шинжлэх ухааны үндэс, үнэлгээг манай байгаль судлаачид боловсруулах шаардлага байна. Байгалийн онгон төрх байдлыг хэвээр хадгалсан газарзүйн янз бүрийн бүс нутагт байгалийн горимыг тодорхойлж хэтийн чиглэлийн прогноз үйлдэх, улс ардын аж ахуйн салбарууд, хүний үйл ажиллагааны байгальд үзүүлж буй нөлөө, байгалийн өөрчлөлт, сөрөг үйл ажиллагаанаас гарч буй үр дагаврыг илрүүлж хүн байгалийн зохистой харьцааг тогтоох зөвлөмж өгч байх газарзүйн иж бүрэн суурин судалгааг байгуулан ажиллах нь газарзүйн судалгааны онол, аргазүйн шинэ шатанд гаргах юм.
Монгол орны газарзүйн судалгааг, сургалтын системтэй нягт холбож бүх ард түмний эх орны мэдлэгийг ахиулах, экологийн боловсрол олгоход системтэй байнгын ажиллагааг зохион байгуулах шаардлагатай байна. Монгол орны нутаг дэвсгэрт дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын цэвдэг төгсдөг бөгөөд уур амьсгалын зааг, дэлхийн усны хагалбар дайран өнгөрдөг, говь цөлийн хил хязгаар зэрэг байгал газарзүйн өвөрмөц онцлог мөн хүний гар хүрээгүй байгалийн онгон төрх байдал чухамхүү Монгол орны нутаг дэвсгэрт хадгалагдан үлдсэн зэрэг нь байгаль, газарзүйн онолын шинэ чиглэл, дүгнэлт гарган дэлхийн эрдэмтдэд толилуулах бололцоотой юм. Газарзүйн шинжлэх ухааны хөгжлийн энэхүү ирээдүйтэй уялдан эх орныхоо тухай ард түмний мэдлэгийг ахиулах системтэй арга хэмжээ авах, сургалтын тогтолцоогоо шинэчлэх, аймаг, хот суманд орон нутаг судлалын музей, булан, кабинет байгуулах хөдөлмөрчдийн эх орны тухай мэдлэгийг ахиулах, курс, семинар, уулзалтыг жил бүр бүсчилж явуулах нь манай нийгэмлэгийн үндсэн үүрэг байх ёстой (С.Жигж, “Монголын газарзүйн нийгэмлэг” сэтгүүл, 1990 он).