Газарзүйн шинжлэх ухаан нь хүн төрөлхтөний хүрээлэн буй орчноо танин мэдэх хэрэгцээнээс үүсэлтэй эртний шинжлэх ухааны нэг юм. Эртний Грекийн эрдэмтэд болох Геродот, Эратосфен, Страбон нар дэлхийн хэлбэр, тив далай, улс орны тухай мэдлэгийг системтэйгээр судалж эхэлсэн нь газарзүйн шинжлэх ухааны үндэс болсон гэж үздэг. XV–XVI зуунд Христофор Колумб, Васко да Гамма, Магеллан зэрэг аялагчдын экспедицүүд шинэ газар нутаг, далайн замыг нээж, дэлхийн тухай мэдлэгийг эрс өргөжүүлсэн. Үүний үр дүнд газарзүй нь зөвхөн аяллын тэмдэглэл бус, байгаль, хүн ам, эдийн засаг, нийгмийн хөгжлийг судалдаг бие даасан шинжлэх ухаан болон хөгжсөн түүхтэй.
Монголчуудын газарзүйн мэдлэг олон зууны өмнөөс бүрэлдэн тогтсон уламжлалтай. Нүүдлийн мал аж ахуй эрхэлж байсан монголчууд уул ус, бэлчээр, уур амьсгал, гол мөрөн, газрын тогтоцыг нарийн судлан мэддэг байжээ. Энэ тухай “Нууц товчоо”, “Юун улсын судар” зэрэг сурвалж бичгүүдэд гадаад улс орон, байгалийн гамшиг, газар нутгийн тухай тэмдэглэгдсэн байдаг. XIII зуунаас Европ, Азийн аялагчид Монгол орноор аялж тэмдэглэл үлдээж, XVII–XVIII зуунаас эхлэн Америк, Швед, Оросын байгаль судлалын мэргэжлийн судлаачид Монгол оронд судалгаа хийж байгаль, хүн ам, аж ахуйн талаар чухал мэдээлэл, бүтээлүүдийг туурвиж байсан. XX зуунаас Монгол Улсад газарзүйн шинжлэх ухаан албан ёсоор хөгжиж, Шинжлэх ухааны хүрээлэн, их сургуулиудад газарзүйн тэнхим, судалгааны байгууллагууд байгуулагдан орчин үеийн судалгааны онол хандлагуудыг хөгжүүлэн, олон чиглэлээр судалгаа хөгжүүлэлтийг ажлыг эрхэлж байна.
Газарзүйн шинжлэх ухааныг уламжлалт байдлаар физик газарзүй болон нийгэм-эдийн засгийн газарзүй гэсэн үндсэн хоёр салбарт ангилан үздэг. Физик газарзүй нь байгалийн орчны орон зайн ялгаа, газар нутгийн тогтоц, уур амьсгал, ус, хөрс, ургамал, амьтан зэрэг байгалийн бүрдэл, тэдгээрийн үүсэл хөгжил, хувьсал өөрчлөлтийн зүй тогтлыг судалдаг бол нийгэм-эдийн засгийн газарзүй нь хүн ам, суурьшил, үйлдвэрлэл, аж ахуй, нийгмийн үйл ажиллагааны орон зайн зохион байгуулалт, хөгжлийн онцлогийг судалдаг. Эдгээр салбарууд нь тусдаа мэт боловч байгаль, нийгмийн харилцан уялдаа холбоонд үндэслэн нэгдмэл байдлаар хөгждөг бөгөөд орчин үеийн газарзүйн шинжлэх ухаан нь байгаль ба нийгмийн үзэгдлийг цогцоор нь авч үздэг салбар дундын шинжлэх ухаан болон өргөжин хөгжиж байна.
Нөгөө талаас, Газарзүйн шинжлэх ухаан нь танин мэдэхүйн ач холбогдолтой төдийгүй ялангуяа хүүхэд залууст эх оронч үзэл, байгалийн үүсэл хөгжил, түүнийг хамгаалах хандлага, гоо зүйн болон экологийн боловсролыг төлөвшүүлэхэд чухал үүрэгтэй юм. Ялангуяа Монгол орны өвөрмөц онгон байгаль, өргөн уудам газар нутаг, нүүдлийн соёл иргэншлийн онцлог нь газарзүйн судалгааны ач холбогдлыг улам бүр нэмэгдүүлж байна.
Монголын Газарзүйн Нийгэмлэг нь газарзүйн шинжлэх ухааны мэдлэг, мэдээллийг нийгэмд түгээн дэлгэрүүлэх, байгалийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, судлах үйлсэд дэмжлэг үзүүлэх үндсэн зорилготойгоор үйл ажиллагаа явуулж байна. Манай нийгэмлэг нь үндэсний болон олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн зэрэгцээ эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг, сургалт, экспедиц, олон нийтийн үйл ажиллагааг зохион байгуулж, судалгааны үр дүнг бодлого, төлөвлөлт, боловсрол, байгаль хамгааллын салбарт үр өгөөжтэй ашиглахад дэмжлэг үзүүлэхийг зорьдог. Түүнчлэн Монгол орны байгаль, газар нутаг, хүн ам, нийгэм-эдийн засгийн зүй тогтол, өөрчлөлтийн талаарх мэдлэг, мэдээллийг олон нийтэд хүртээмжтэй хүргэж, газарзүйн шинжлэх ухааны нийгэмд гүйцэтгэх үүргийг улам бүр бэхжүүлэхийг зорин ажиллаж байна.
Газарзүйн шинжлэх ухааныг сонирхон судалдаг эрдэмтэн судлаачид, багш нар, оюутан залуус, мэргэжилтнүүд та бүхнийг Монголын Газарзүйн Нийгэмлэгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, мэдлэг, туршлага, бүтээлч санаачилгаа хуваалцан, Монголын болон дэлхийн газарзүйн шинжлэх ухааны хөгжлийн төлөө хамтран ажиллахыг уриалж байна.
Хүндэтгэсэн,
Доктор (PhD), Дэд профессор, Доржготовын Баттогтох
Монголын Газарзүйн Нийгэмлэгийн Ерөнхийлөгч