Түүхэн товчоо

Монголын газарзүйн нийгэмлэгийг зохион байгуулах хурал 1990 оны 3-р сард болж, нийгэмлэг байгуулах асуудлыг хэлэлцэн дүрмийг баталж, нийгэмлэгийн ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, тэргүүлэгчдийг сонгож тэргүүлэгчдийн зөвлөлийг 51 хүний бүрэлдэхүүнтэй сонгов (Ж.Цэрэнсодном, “Монголын газарзүйн нийгэмлэг” сэтгүүл, 1990 он).

Монголын газарзүйн судалгааг өргөтгөх, хүн-байгалийн зохистой харьцааг судлах, газарзүйн сургалтыг улам боловсронгуй болгох, хөдөлмөрчдөд ялангуяа хүүхэд, залуучуудад газарзүй-экологийн мэдлэг олгож эх оронч хүмүүжил төлөвшүүлэхэд газарзүйн мэргэжилтэн нарын хүчийг төвлөрүүлэхэд нийгэмлэг их үүрэг гүйцэтгэх ёстойг хуралд оролцогчид тэмдэглэв.

Судалгаа, шинжилгээ, сургалт, сурталчилгааны ажлыг өргөн далайцтай болгох үүднээс газарзүйн нийгэмлэгийн дэргэд ландшафт судлалын, нийгэм-эдийн засгийн газарзүйн, аялал жуулчлалын, мэдээлэл сурталчилгааны, сургалт-аргазүйн, гадаад харилцаа улс орон судлалын зэрэг секцүүдийг бий болгож секцүүдийн дарга нараар манай орны газарзүйн шинжлэх ухааны эрдэмтдийг сонгож батлав (Ж.Цэрэнсодном, “Монголын газарзүйн нийгэмлэг” сэтгүүл, 1990 он).

Монголын газарзүйн нийгэмлэгийн бүтэц, үйл ажиллагааг шинэчлэн зохион байгуулж 1998 оны 05-р сарын 04-нд улсын бүртгэлд бүртгүүлж, тэргүүнээр академич Д.Доржготовыг сонгосон. Тус нийгэмлэгийн тэргүүнээр академич Д.Доржготов 1998-2024 он, доктор (PhD) С.Энх-Амгалан 2024-2025 он хүртэл тэргүүнээр ажиллаж байсан бөгөөд 2025 оны 09 сараас хойш доктор, дэд профессор Д.Баттогтох Монголын газарзүйн нийгэмлэгийн тэргүүнээр ажиллаж байна.